Төгрөг, төр хоёрт итгэх арга алга
Бичсэн 18:28, 2008-09-29
Хотын дарга хэдий хэрийн авилга авсныг мэдэж болдоггүйтэй адил ченжүүдийн гар дээр өдөрт хэдэн доллар эргэж байгааг мэдэх арга алга. Лав л өөрсдөө их нуух юм. Тэр ч аргагүй биз. Арван сая доллартай гээд хэлчихвэл алуулах байлгүй, муусайн дээрэмчдэд.
“Хоршоолол” нийгэмлэгийн цаад талын нарийхан гудамжны хажуугаар эгнэх түүцнүүдийг бид “Найман шарга” худалдааны төв гэж нэрлээд уджээ. Арилжааны банкууд долларыг зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдаж аваад өндөр үнэтэй зардаг болохоор иргэд “Найман шарга”-ыг зорих нь их. Эндхийн ченжүүдэд энэ нь аз. Харин сүүлийн үед банкууд ханшийн үнийн зөрүүгээ ойртуулж мэдэхээр байгаа тул ченжүүдийн бизнес хумигдах магадлал өндөр байна.
Тэндхийн нэгэн ченжтэй уулзвал,
-Валютууд хоорондоо харьцсан ханшийг “кросс ханш” гэдэг. Блүүмберги өнөөдөр юаны ханшийг 7.2 гэж “кросс ханш”-аа зарласан байгаа. Энэ тохиолдолд доллар одоо 1172 төгрөг байна. 1172-ыг 7.2-т хуваахад юаны ханш гарна. Тэгэхээр бээжинд одоо юаны ханш 163 төгрөг байна гэсэн үг. Харин монголд 165 төгрөг байгаа. Тийм болохоор чи хятадаас яг одоо хоёр сая юань авчрахад дөрвөн сая төгрөг хийчих боломжтой байгаа биз дээ. Энэ ч утгаараа наймаачид доллар авч наймаандаа явдаг гэсэн юм.
Мөнгөний нийлүүлэлт ихсэхээр ханш унах нь тодорхой. Жишээлбэл, аль нэг төрийн том баагий 500 саяын авилга авахад тэр нөхөр юм үзээгүй юм шиг зах гарч таарна. Байр, машин, тавилга, газар гээд авах юм мундахгүй. Гэтэл иймэрхүү хэдэн арван төрийн түшээ байж байгаа. Бүгдийн сонголт адил тул энэ төрлийн барааны ханш өсөөд л явчихаж байгаа юм. Дээр нь тансаг зэрэглэлийн архи, буудал, хоол, бензин шатахуун ч гэдэг юм уу үнэ өсгөхөд эдний оруулж буй гавьяа мундахгүй.
Тэгэхээр төгрөг, төр хоёрт итгэх арга алга. Төр хүртэл өөрөө өөртөө итгэхгүй байгаа юм чинь. Онцгой албан татварын хуульд татварыг доллараар тогтоожээ. Төгрөгөөр тогтоовол ханш нь унаж мэдэх учир жил бүр хуульд гар хүрэх хэрэг гарна гэж л айгаагүй байх. Иймэрхүү байдлаар төгрөгийн ханшийг унагаавал хэнд ашигтай байж болох вэ? Мэдээж төрд шингэсэн олигархиуд. Төгрөгийн ханш унагаж блүүмбэрги үзэж суугаад хэдэн төгрөг олж болдог аймшигтай ашигтай бизнес байгаа биз дээ.
Ийнхүү өдөр бүр ханш өөрчлөгдөж байдаг болохоор төгрөгт итгэх итгэлгүй монголчууд доллараар гүйлгээ хийх нь их болжээ. Үүн дотор доллараар наймаа хийхийг “моод” гэж ойлгосон хэдэн нөхдүүд бас байнаа. Манайх гадны байгууллага учир гадаад мөнгөөр тооцоо хийнэ. Тодорхой хэлбэл доллараар гээд хялалзах монгол царайтай, монголоор ярьдаг залуус их болжээ. Хэний нутагт ирчихээд хэнтэй ярьж байгаа юм бэ гэж дармаар санагдаж байна.
