Өвгөн партизаны яриа
Бичсэн 19:26, 2008-09-25
Өвөө, бид хоёр бүтэн сайнд нар битүү, өглөө эрт Дархан хотыг зорив. Уг нь би, өмнөх өдөр нь явъя гэсэн боловч хөдөөний айл хагас сайнд юм гардаггүй гэнэ. Мань өвгөн утсаар яриад идшээ төхөөрүүлчихсэн тул яарах юмгүй ч нарны эртэд бушуухан яваад ирэх миний адгуу зантайгийн эрхэнд хөгшин залуу хоёр, шулуун замаар шинэхэн япон тэргийн хурдыг 100 хол гарган гишгэж өгөв. “Эф эм”-ийн Монголын радиогоор “мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг” ярьж байна. Уг нэвтрүүлгээр хулгайд алдагдсан малыг нас, зүсээр зарлаж буй нь идшэнд явж буй бид хоёрт сонин. Дээрээс нь иймэрхүү мэдээ явдгийг мэддэгүй байсан надад бас сонин. Арваад жилийн өмнө нутгаас гарч малын нас, зүсийн талаар яриагүй, сонсоогүй удсан болохоор толин сартай байдас, дөрвөн шийр цагаан хул үрээ гэхчлэн ярих нь цаанаа л нэг дотно.
Иймэрхүү явж байтал 24-ийн даваанаас цааш нөгөө “эф эм” тасрав. Өглөө, оройноос мэргэн гэдгийн үлгэрээр бид бодолд дарагдан зам ширтсээр цааш довтолголоо. Хэсэг явсанаа өвгөн, цонхоо онгойлгооч агаар амьсгалъя гэнэ. Ашгүй цонх онгойв гэсэн шиг би тамхиа гарган нэрэв. Өвгөний агаар амьсгалах лөөлөө болов гэдгийг тамхиа татаж дууссаныхаа дараа мэдэж нимгэн хувцастай гарсан өөрийгөө осготол агаар оруулаатхав. Хэдэнтээ нусаа нийснээ ойрд онгойгоогүй хамар сайхан онгойлоо гэж өвгөн цонхоо хаах дохио өглөө.
Жаргалантын салдаг өнгөрөх үест өвгөн санаа алдсанаа хоёр түүх хуучилсаныг дор сийрүүлэв.
Орос адуу Монгол наадамд түрүүлсэн түүх
-1948 оны хавар Жаргалантын морьт хороонд дөнгөж цэргээс халагдсан тэвхийсэн залуу улс төрийн орлогчоор ирсэн нь мань өвгөн аж. Тухайн үед тус хороо нь ардын армийн адуу малладаг хоёр мянга гаруй адуутайн дээр маршал Х.Чойбалсангийн мэдлийн хэдэн тооны орос адуу буюу бидний мэдэхийн тоомсогтой байсан юмсанж. Шинэхэн улс төрийн орлогч 450 төгрөгийн цалинтай /одоогийн ханшаар 450 орчим доллар байх/ цалингаа Төв аймгаас өөрөө ирж авдаг. Улаанбаатар хүртэл замын унаагаар ирж Улаанбаатараас Төв аймаг руу 50 гаруй км газрыг дугуйгаар жирийлгээд оройдоо буцаад хот ороод ирдэг байсан аатай явжээ, мань өвгөн. Ааг, омогтой дээрээс тэрүүхэндээ дураараа өнөөх залуу маань орос адууг эрлийзжүүлсээр өнөөх армийн адууг тэр чигт эрлийз болгоотхож. Нутаг, усныхан нь Чингэс хааны цэргийн адууг эрлийзжүүллээ, энэ тэр гэж тэрүүхэн тэндээ бухимдацгаасан юм байх. Наадамд эрлийз адуугаа сойж юу хийснээ харуулах юм хуна хэмээн үндэсний харам хэдэн үгэнд мохолгүй төлөвлөгөөгөө гүйцээх санаа шулуудан хавь ойроос уяачийн сураг тавьжээ. Нэгэнтээ орон нутгийн уяач Дэндэвийнхээр буутал эрлийз адуу уяж үзээгүй гээд халгаагаагүй боловч Баруунхараагийн уяач Хазгар Дондивынхыг зааж өглөө гэнэ шүү. Хос мориор хугас өдөр цогиулаад хүртэл хоёр гэрийн арай багаас нь 18 дөнгөж хүрээ болов уу гэмээр аятайхан бүсгүй гарч нохой хорив. Мэнд усаа мэдэлцэн гэрийн эзэнд хэрэг зоригоо шууд хэлтэл жигтэйхэн баярлаагүй ч манайхыг нүүлгээд аваад яв гэдгийн байна. Ийм амархан бүтсэн хэрэг тэр дороо л ажил хэрэг болов.
Дондив армийн адуунд долоо хоног явсанаа уралдчих шинжтэй адуу алга даа гэсээр морины уяан дээр палхийтэл хэлснийг ажихад сэтгэлээр унажээ. Яагаа ч үгүй байж саналаар унасанд эмзэглэх авч заавал түрүүлгэх албагүй ээ хө гэхээс өөрийг хэлээгүй юм байх. Нэг өглөө баяр хөөр дүүрэн орж ирсэн нь хайж явсанаа олжээ, янз нь. Гэтэл эрээд олддогүй өнөөх эрдэнэ нь цэргийн гал тогооны усанд явдаг тэрэгний хээр азарга байлаа гэнэ шүү. Тэр дор нь тэрэгнээс нь мултлан өвгөн уяачийн гарт олгуулав. Нас наснаас хоёр, гурван тооны адуу барьж уяа сойлгоны ажил эхэллээ. Хээр азарга их л тарган байсан тул байн, байн хөлс авч үе, үе авч тар хийдэг байжээ. Нэг л онгойхгүй байна, яахав дарга минь гэж явсаар, наадмын урдах сунгаанаар хээр азарга гуравт орж ирсэнд Дондив уяч одоо л боллоо гэж шүүрс алдсан юм гэдэг. Яг наадмаар хээр азарга саахалтын зайтай тасархай түрүүлж манай өвөө санасандаа хүрч, буцахдаа зэргэлдээ сумын наадмын түрүүг бас авсан юм гэдэг. Тухайн үеийн наадмын бай шагнал өндөр биш ч гэсэн, маршалын эрлийз адуун сүрэг нэрд гарсан юм гэлээ. Манай өвөө ч эрлийз адуугаар наадмын түрүүг авч болохыг тэртэй 1940-өөд онд баталсан юм байна. Ирэх жил нь дахиад уях гэтэл Дондив уяч зүгээр ч үгүй гөрөөчин хүн байсан бөгөөд тэр жил нь аянганд ниргүүлж өнгөрсөн. Охин нь харин цэргийн адуучинтай гэрлэж тэр нутагтаа үлдсэн бөгөөд 1950-иад оны дундуур морьт хороо татан буугдаж Морин тойруулга гэж нэртэй болсон юм гэнэ лээ. Харин манай өвөө Дондив уяачид алдарт уяач цол нэхэн олгуулах гээд бүтээгүй, Жаргалант суманд хээр азарганы хөшөө босгуулах гээд дийлэхгүй л яваа аж. Харин Дондив уяачийн охин ч юм уу, үр хүүхэд нь байвал манай өвөөтэй уулзаж өвөг эцгээ нэхэн дурсахгүй юу.
Удаах түүх
Гурван жил ууланд бүгсэн орос офицер
Мөн л тэр жилүүдэд Жаргалантын ойд буу зэвсэгтэй Орос оргодол гурван жил баригдалгүй бүгсэн гэнэ. Германд бууж өгсөн хэрэгтэй дугаар отрядын цэргүүдээр Монголд төмөр зам бариулж байжээ. Гэтэл офицер нь би германд бууж өгөөгүй гэсээр хамаг цэргээ хаяад ууланд бүгчихжээ. Тэр их сайн эр байсан бөгөөд немц винтовыг тайрч чамгүй олон сумтай оргосон байж. Ямартаа ч өөрийг нь хайж явсан цэргүүдийн зөвхөн морь нь ирдэг байсан. Гэхдээ нэг ч монгол хүн алаагүй аж. Тиймдээ ч нутгийхантай харилцаж ангийн үсээр цай, тамхи гурил солилцдог байжээ. Гол нь хүний бараа харах их сайхан юм гэдэг, тэдэнтэй их л найрсаг харилцдаг байсан гэх. Ууланд хэд хэдэн овоохойтой, хаа байгаа нь мэдэгддэгүй байжээ. Түүнийг кинон дээр гардаг шиг Оросоос мэргэн бууч авчруулж буудуулж хороолгосон гэх ба өнөөх мэргэн бууч нь алагдсан офицерийн шарилыг энэ тэнд харуулж гайхуулж явдаг байжээ. Онц ноцтой гэмт хэрэгтэнг хөнөөсөн, айх аюулгүй боллоо гэж одоогийнхоор бол Пи Арджээ.
Өдгөө энэхүү хөнөөгдсөн орос офицер цагаадсан уу, урвагч, оргодлоороо үлдсэн үү бүү мэд. Оросын архивт байгаа л байхдаа зайлуул. Коммунизмаа гэж.
Дээрх ярианууд нь энд тэнд тэмдэглэгдээгүй монголын л түүхийн нэг хэсэг билээ. Өвгөн бид хоёр ийм хуучтай алтан шар зам өлзийтэй сайхан яваад ирсэн дээ.
2007 оны 11 сарын 20
